Saturday, October 30, 2010

Шилдэг илтгэл тавьж бусдын чихийг дэлдийлгэхийг хүсч байгаа бол...

Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд эхний хичээл маань "Илтгэх урлаг". Та ажил хичээлдээ амжилт гаргахыг хүсэж байгаа бол, үзэл бодлоо олны өмнө чөлөөтэй илэрхийлж сурахыг хүсэж байгаа бол энэ эрдмийг зайлшгүй эзэмших шаардлагатай юм.
Хүн болгон өөр хоорондоо өдөр тутам ярилцдаг л даа. Харин олны өмнө ярих гэхлээр л дуу гарахаа байгаал, тэвдэж сандраад л гар хөл чичрээд л нэг л хүнд хэцүү санагддаг шүү дээ. Гэхдээ үүнийг өөрчилж болно. Учир нь энэ мэдрэмж хүн бүрт л байдаг. Өдгөө сайн лекторууд гэгдэх Ц.Элбэгдорж, С.Ганбаатар нар ч гэсэн анх олны өмнө гарч ярихдаа, яг л тань шиг сандарч, тэвдэж байсан тухайгаа дурьдсан байдаг. Гагцхүү тэд үүнийг цаашид улам бүр лавшруулан, дасгал сургуулилт хийсээр сайн ярьж сурсан байдгаараа л онцлогтой. Тиймээс ч та ч гэсэн тэдгээр илтгэгчид шиг ярьж чадна гэдэгтээ итгэлтэй байж болно. Ингэхдээ харин дараах зөвлөгөө, зааврыг анхааран уншаад, хэрэгжүүлээд үзээрэй гэж хэлэх байна. Үүнд:
1.Ярих гэж байгаа сэдвийнхээ талаар мэдээлэл сайтай бай, та сэдвийнхээ хүрээнд хэдий чинээ их мэдлэг мэдээлэлтэй байна, төдий чинээ өөртөө итгэх итгэлтэй байх болно.
2. Бич, дахин дахин бичээрэй. Эхлэн суралцаж байгаа хүн ярих зүйлээ цаасан дээр буулгах нь юунаас ч илүү чухал. Буулгасан зүйлээ уншиж засах нь үг сонголтыг сайжруулж, ярианы алдааг улам бүр багасгах бололцоог олгодог. Үүний дараа бичсэн зүйлээ товчлон хураангуйлж схем, диаграмд эсвэл mind map хийж түүндээ тулгуурлаад яриад үзээрэй.
3. Олны өмнө ярих гэж байгаа бол эхлээд түүнийгээ өөртөө болон ойр дотныхондоо яриад үз. Тэдний саналыг ав. Алдаа дутагдал гаргаж байгаа эсэхээ, үг нуршиж байгаа эсэхээ, сул үг хэрэглэж байгаа эсэх тэднээс асуу. Тэрхүү алдаагаа засаад дахиад л яриад үз. Та ярих зүйлээ өөрийн болгоход энэ их тус болно гэдгийг байнга сана.
4. Яриагаа дууны өнгө, хэмнэлээр ялгаад үз. Тухайн яриж байгаа зүйлийнхээ агуулгатай холбогдуулан өнгө, хэмнэлээ өөрчил. Зарим зүйлийг энгийн намуун, найрсаг байдлаар ярих бол заримыг нь дуугаа өндөрсгөж, чухал, ширүүн, дайсагнасан өнгөөр ярьсан ч болно.
5. Үгээ хэлэхдээ хэт хурдан юмуу удаан бүү хэл. Шаардлагатай бол зарим үгээ хурдан, зарим үгээ зөөж удаан ярьж болно. Бас зарим үгээ хэлэхдээ өмнө нь бодлогширсон байдлаар түр зогсоц ав. Энэ нь 2-5 секунтээс удаан байх хэрэггүй. Тэгээд цааш яриагаа үргэлжлүүлэн ярь.
6. Харилцагч болон сонсогчдын нүдрүү харж ярьж сур. Хэрвээ олны өмнө ярьж байгаа бол харцаа нэгнээс нэгрүү ч чөлөөтэй шилжүүлж сур. Энэ нь таныг ярьж байгаа зүйлдээ итгэлтэй байгаа байдлыг тэдэнд төрүүлэхээс гадна таныг хүндэтгэх хандлагыг бий болгоно. Мөн хэрвээ үнэхээр нүдрүү харахаас айдаг хэцүү байдаг бол сонсогч бүх хүмүүсийг өөртөө өртэй гээд төсөөл. Тэгвэл та илүү тухтай байх ба ихэмсгээр ярьж чадах болно.
7. Зарим чухал үгийг давтан хэл. Гэхдээ зүгээр л нэг давтах биш давтан хэлж байгаа үгээ өнгө, хэмнэлээр ялгаж хэл. Энэ нь сонсогчдод их гүн мэдрэмж төрүүлдэг.
8. Яриагаа баримт, статистик мэдээлэл, жишээгээр баяжуул. Баримтгүй яриа давсгүй цай шиг байдаг гэдгийг санаарай. Гэхдээ бүх яриандаа баримт дурдана гэсэн үг бас биш юм.
9. Шүлэг, онч мэргэн үг, хошигнол зэргийг яриандаа үе үе оруулж болно. Энэ нь яриаг улам бүр чимэглэж, сонирхолтой болгодог гэдгийг сана.
Одоо та эдгээр реторик зөвлөгөөнд тулгуурлан яриагаа цэгцлэн, илтгэл тавиад нэг үзээрэй. Таны ярианд ямар нэгэн байдлаар бага багаар ахиц дэвшил гарах болно гэдэгт итгээрэй. Цаашдаа илтгэх урлагтай холбоотой олон олон хичээл оруулж байх болно.
За ингээдэдгээр зөвлөгөөнд тулгуурлан сайн илтгэгч болохын төлөө урагшаа, таныг чадна гэдэгт би эргэлзэхгүй байна.

Ажлын ярилцлаганд хэрхэн амжилттай орох вэ?

1. Бэлтгэл сайн хий - Тухайн ярилцлаганд ирж болох асуултуудад эртнээс хариултаа бэлдэх
2. Тухайн компанийн талаар мэдээлэл цуглуул, зарим нэг амжилт болон онцгой үйл явдлуудыг судал. Мөн хийх гэж буй ажлын байрныхаа талаар судал
3. Ажил хэрэгч хувцасла
4. Ярилцлагандаа цагаас эрт ир
5. CV-г илүү нэг хувь өөртөө авч орох хэрэгтэй. мөн үзэг цаастай байж тухайн хүний хэлсэн зүйлсийг тэмдэглэж авах. Ингэснээр тухайн ажил олгогчид өөрийгөө сонсох чадвартайг харуулах юм.
6. Эхний шатны ярилцаганд цалин бүү асуу, асуулт тавих гэж байгаа бол ухаалаг өөдрөг асуулт тавь. Жишээ нь: Ажлаа маш сайн хийж биелүүлсэн тохиолдолд хэрхэн урамшуулдаг вэ? г.м
7. Хувийн шалтгаануудыг бүү дурд. Жишээ нь: хэдэн хүүхэдтэй хэрхэн амьдардаг талаар бүү ярь
8. Өмнөх туршлага, гаргасан амжилтуудаа ирээдүйд гарч болох үр дүнтэй холбо.
9. Өөрийгөө тухайн ажлын байранд хамгийн тохирох хүн гэсэн нотолгоог давтан ярих.
10. Эргэх холбоо үүсгэ. Ярилцлагын дараа тухайн ажил олгогчтой холбогдож тухайн ажлыг хийх чин хүсэлтэй байгаагаа илэрхийлэх.